Угтаа гэмт явдал судлал нь Эрүүгийн хууль үүсэн бий болсон үндэс суурь болой. Гэмт явдлын тухай сургаалиас үүдэж ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнд ямар ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэгчтэй хэрхэн үр нөлөөтэй ажиллаж, урьдаас хэрхэн гэмт зан үйлээс нь татгалзуулах тухай бүхэл бүтэн мэдлэгийн тогтолцоо, арга зүйг криминологи гэнэ. Харамсалтай нь манайд байдаг сурах бичгүүдэд эрүүгийн эрх зүй тусдаа, криминологи тусдаа хэмээн зааж ирсээр бүхэл бүтэн хагас зууныг элээсэн байх юм. Ийм ч учраас эрүүгийн эрх зүй судалдаг нь тусдаа, гэмт хэргийн учир шалтгааныг судалдаг нь тусдаа гэж үзэн криминологийн хичээл нь их сургуульд суралцагч хэрэгтэй гэж үзвэл сонгон судлах багахан цагтай судлагдахуун болсон аж. Үүнээс улбаалан гэмт явдлын тухай онолын суурь мэдлэг олголгүй шууд эрүүгийн эрх зүй зааж суралцагчдыг "хөлдөө чирэх" нь түгээмэл байна.
Хуулийн их сургуульд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг тулгуурлан хичээлийн лекц бэлтгэж заах, түүнийг туйлын зөв, байх ёстой мэтээр ойлгуулж байгаа нь хожмоо хуульч болох эрх зүйчдэд хэвшмэл хандлагыг бий болгох талтай. Би вээр шинэ Эрүүгийн хуулийн төслийн үзэл баримтлал хандлагын тухай багахан хэмжээний танилцуулгыг эрх зүйч, хуульчдад танилцуулах явцад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн агуулгаас өөр онол, шийдэл байх эсэх талаар огтхон ч судлахгүйгээр "хөшүүн хойрго" тогтолцоог "байсаар ч ирсэн, байх ч ёстой" гэсэн бат үзэл бодол тогтсон нь зарим тохиолдолд ажиглагдаж байв.
Иймээс их сургуульд гэмт явдал хэдийнээс үүссэн, түүний онол сургааль, шийдлийн хувилбаруудын талаар зааж хууль хэдийд ч өөрчлөгдсөн ч цаашид хэрэглэх мэдлэг, ур чадвар дадлыг олгохгүй ёстой. Тухайлбал миний хувьд 1986 оны Эрүүгийн хуульд суурилласан 1993 оны томоохон хэмжээний өөрчлөлтийн талаар хичээл заалгасан. 2002 онд төгсөөд бодит амьдрал дээр гарах үед тухайн хууль хүчингүй болж шинэ хуулиуд хэрэгжиж эхэлчихсэн байлаа. Хууль хэрэглээний талаар их сургуульд биш ажил дээр очин 0-ээс эхлэн суралцах жишээтэй.
Эрүүгийн хууль хэдийвээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ яв цав гүйцэтгэдэг ч ял шийтгэлийн эрүүл бодлого, үр нөлөөтэй тогтолцоо байхгүй бол зөвхөн цээрлүүлэх хэрэгсэл болон хувирдаг эрсдэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн бүрт хорих ял оноогоод байвал рецедив гэмт хэрэгтэн өсч гэмт хэргийн карьер ахих боломжийг олгоно. Цаашид дэлхийн орнуудын эрүүгийн болон ялын бодлого нь гэмт хэрэг үйлдсэн хүнтэй тулж ажиллан, тухайн хүнд нөлөөлж чаддаг байхад чиглэж байна. Гэтэл бидний хувьд Эрүүгийн эрх зүйн ялын бодлогын алдаа засах хэрэгсэл нь Өршөөл үзүүлэх тухай хууль болж хувирсан байх жишээтэй.
Сүүлд тулгамдаж байгаа нэг жишээг дурдая л даа: Хорих ялын доод хэмжээг долоо хоногоос эхэлдэг байхаар Эрүүгийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхлээгүй байхад нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд энэ хэмжээг ихэсгэж 6 сараас эхлэхээр заасан байна. Шалтгаан нь аймаг бүрд хорих анги байгуулах шаардлагатай тул хэрэгжих боломжгүй, дамжинд очоод хувиарлагдсаар байтал 7 хоног нь замдаа дуусна гэсэн тайлбартай. Одоогийн системээр шинэ хуулийн ялын тогтолцоог хараад байгаадаа л учир байна. Тухайн үед боловсруулсан ажлын хэсгийн гол шийдэл нь аймаг бүрд байгаа баривчлах байранд эдлүүлэх боломжтой гэж үзсэнийх юм. Зөрчлийн тухай /ЗХТХТ/ хуульд баривчлах шийтгэл байхгүй байхаар заасан бөгөөд энэ тохиолдолд 21 аймагт байгаа захиргааны журмаар албадан саатуулах, баривчлах байрыг ашиглах бүрэн боломжтой. Ялтай байдал гэсэн ойлголт байхгүй болох тул цаашид хуулиар тусгайлан зааснаас бусад ажил албан тушаал эрхлэх бололцоотой гэсэн үг. Энэ нь давтан гэмт явдлаас урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөг үзүүлнэ.
Аливаа асуудлыг тогтолцоогоор нь, сууриар нь харах эрмэлзэл бидэнд дутаад байна уу даа гэж бодох юм. Б.Чимид агсантай хамт ажиллах завшаан надад олдож ахуйд би нэг зүйлийг бүр зориуд ийн асуусан юм.
- Багшаа криминологи шинжлэх ухаан мөн үү.Эрүүгийн эрх зүй яагаад тусдаа хөгжөөд байна вэ.
- Дээхнээд бол хавсарга шинжлэх ухаан гэж үздэг, заадаг байлаа. Учир байдлыг хараад байхад криминологи эрүүгийн эрх зүйн суурь болох төдийгүй Эрүүгийн хуулийн мөн чанар, түүний үр нөлөө, ялын бодлогын цаашдын чиг хандлагыг тогтооход чиглүүлж байх шиг байна даа.
0 Comments